11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТИЙН ХАМ ШИНЖ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Эрэгтэй хүнд нас ахихын хирээр бэлгийн дааврын хэмжээ буурч үүнтэй хамааралтайгаар бие мах бодид болон сэтгэл санааны хувьд өөрчлөлтүүд гарахыг цэвэршилтийн хам шинж гэдэг.
Цэвэршилт нь олон янзын нэр томьёоны дор ном хэвлэлүүдэд бичигддэг ба дурдвал: андропауз, эрэгтэйчүүдийн менопауз, тестостерон дааврын дутагдлын далд хам шинж, хожуу үүсэх эр бэлгийн дааврын дутагдал, насжиж буй эрчүүдийн андроген дааврын дутагдлын хамшинж  гэх мэт.
Эрэгтэйчүүдэд 40-45 наснаас эхэлж төмсөгний Лейдигийн эсээс ялгарах эр бэлгийн даавар-андрогены хэмжээ буурснаас бэлгийн дуршил буурах, бэлэг эрхтний хөвчрөх болон дур ханах чадвар буурах өөрчлөлтүүд гарна.
Бие махбодид ерөнхий өөрчлөлтүүд гарч ядрах, сульдах, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, гутрах, булчингийн эзэлхүүн багасах, яс сийрэгжих, зүрх судасны өвчнүүдээр өвчлөмтгий болох буюу даралт ихсэх, өөх тосны солилцоонд өөрчлөлт орох зэрэг шинжүүд илэрнэ. Сийвэнгийн тестостерон хэвийн хэмжээнээс бага  зарим тохиолдолд хэвийн хэмжээнд байхад ч эрэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинж явагдаж болно.
Гэхдээ эмэгтэйчүүдийн биеийн юм зогсдогтой ижил цэвэршилтийг илэрхийлэх заагч шинж гэж байхгүй. Эрэгтэйчүүдийн цэвэршилт нь аажим явагдана.
Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хоргүй болон хортой хавдар бас энэ үед тохиолдоно. Түрүү булчирхайд гарсан өөрчлөлтүүдээс шээсний доод замын эмгэгүүд, шээсний замын халдвараар өвдөх нь олон.
Тодорхойлолт:
Эрчүүдэд  настай уялдан сийвэнгийн эр бэлгийн даавар цусанд багассантай нийт тестостероны хэмжээ* 8 nmol/l (300 ng/dl)–ээс бага,  эсвэл чөлөөт тестостерон 180  pmol/l (52pg/ml)   бага,  холбоотой бэлгийн үйл ажиллагаа дур хүсэл бууран,  ой тогтоолт танин мэдэх чадвар, ерөнхий биеийн эрч хүч  буурах, стрессд амархан өртөх, булчингийн хүч ба жин багасах, цусан дахь өөх тос, чихрийн солилцоонд өөрчлөлт орох, ясны эрдэсжилтийн нягтаршил буурах хамшинжийг эрэгтэйчүүдийн цэвэршилт гэнэ.  
 
(* ОУ-н Андрологийн Нийгэмлэг, ОУ-н насжиж буй Эрэгтэйчүүдийг судлах нийгэмлэг, Европын Урологийн холбооноос гаргасан удирдамжинд заасан хэмжээ)

Оношлогоо:
Асуумж:
•    Дараах зовиур, шинжүүд (Бэлгийн дур сонирхол буурах, бэлгийн чадавхи буурах, амархан ядрамтгай болох, төвийн байрлалтай таргалах, амьдралын идэвх багасах, голдуу уур, уцаартай байх, анхаарал муу төвлөрч, ой тогтоолт, санах чадвар муудах, хөнгөн гэмтлээс яс амархан хугарах, зүрх судасны эмгэгүүдээр өвчлөмтгий буюу даралт ихсэх) байгаа эсэхийг тодруулна.
•    Sant Louis  Их сургуулиас гаргасан  (ADAM- Androgen Deficiency in Aging Male)   насжиж буй эрчүүдийн андроген дутагдлыг илрүүлэх 10 асуулттай асуулгын 1,7-р асуултанд эсвэл 3-аас илүү асуултанд тийм гэж хариулбал бэлгийн даавар дутагдлын шинжийг оношлуулахаар уролог, андролог эмчид хандахыг зөвлөдөг.
1.    Таны бэлгийн дур сонирхол буурч байна уу?
2.    Тамир тэнхээ эрч хүч тань буурч байна уу?
3.    Tаны тэсвэр тэвчээр ба аливаа хүнд бэрхийг туулах чадвар тань муудаж  байна уу?
4.    Та намхан болж байгаа мэт санагдаж  байна уу?
5.     Та аливаа зүйлийг сонирхох нь багасаж байна уу?
6.     Та голдуу уур уцаартай, амархан цухалдаж байна уу?
7.    Таны бэлэг эрхтний хөвчрөлт  сулхан болсон санагдаж байна уу?
8.    Таны спортод гаргадаг амжилт буурч байна уу?
9.    Оройн хоолны дараа өөрийн мэдэлгүй зүүрмэглэдэг үү?
10.    Таны ажлын бүтээмж буурч байна уу?

 Бодит үзлэг:
Биеийн хөндлөн судалт булчингийн масс бага, хэвлийн тойрог их /102 см-ээс их байх/, артерийн даралт ихсэх, 130/90 мм/МУБӨ-өөс их/ чихрийн шижингийн үед гарах тэжээл дутагдлын шарх, хөнгөн хэлбэрийн цус багадалт, бодисын солилцооны хамшинжийн үед илэрдэг шинжүүд дийлэнх хүмүүст илрэнэ.
 Шинжилгээнд:
•    Сийвэнгийн тестостероны хэмжээ бага байх, Гэхдээ энэ нь зарим хүнд хэвийн байж ч болно. Хэвийн хэмжээний доод үзүүлэлтийг 300ng/dL(10.4nmol/L)-231ng/dL(8nmol/L) гэж үзнэ.
•     Бэлгийн дааврыг холбогч глобулин /SHBG- sex hormone binding globulin/ нь нас ахихын хирээр ихсэнэ.
•     Чөлөөт тестостерон нь бэлгийн дааврыг холбогч глобулинтай холбогдоогүй тестостерон бөгөөд доорх томьёогоор бодож олно. Энэ үзүүлэлт нас ахихын хирээр буурна.
 
  FAI- Free Androgen Index
Эмнэлзүйн шинжүүд:
Ясны сийрэгжилт:

•    Ясны нягтаршил нь 40-70 насанд 15% буурдаг. Тестостерон нь Дигидротестостерон ба эстрадиол болж задарна. Эстрадиол нь ясны эдийн нягтаршилыг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй бөгөөд бэлгийн даавар буурахад ясны жин буурч, ясны сйирэгжилт үүссэн дунд чөмөгний  жинс тогойн хэсгийн хугаралт,  хөнгөн гэмтлийн үед цээж бүсэлхийн нугалмын дарагдсан хугаралт амархан үүснэ. 
•    Гэмтлийн гаралтай  биш хугарлын эрсдэл 60-аас дээш насанд 25% ихэсдэг. Тестостерон орлуулах эмчилгээний журмаар хэрэглэхэд ясны жинг ихэсгэн ясны сийрэгжилтийн эсрэг нөлөө үзүүлдэг.
ДЭМБ-ын стандартаар ясны сийрэгжилтийг оношлоход  Dual energy X-ray absorptiometry (DXA, formerly DEXA) гэсэн рентген шинжилгээ хийж ясны эдийн нягтаршил (Bone mineral Density-BMD) –ыг тодорхойлж Т оноогоор дүгнэнэ.  Т
•    T оноо =1.0 "хэвийн"
•    T оноо 1.0 -2.5 "ясны жин бага " ( "osteopenia")
•    T оноо ≥2.5 бол ясны сийрэгжилт
Трабекулын архитектурын бууралтыг – Ясны рентген шинжилгээгээр тодорхойлно.
•     Сийвэнгийн остеокальцины хэмжээгээр яс сийрэгжилийн эмчилгээний үр дүнг ясны эрдсийн нягтаршил ихсэж байгаа эсэхээр хянана.

Тестостерон ба тархины үйл ажиллагаа
Нас ахихын хирээр аливааг танин мэдэх чадвар муудаж, ой тогтоолт өмнөхөөсөө буурдаг. Дотоод андроген болон танин мэдэхүйн чадвар  нь  аливааг хараад түүний дүрс, орон зайн харилцаа хамааралд  дүгнэлт хийх чадварт тестостерон нь илүү нөлөөлдөг эсэнсудалгаа байдаг. Тархинд дүрслэн бодох чадвар нь тестостероны нөлөөгөөр идэвхждэг байна.
Массчусетсийн насжиж буй эрчүүдийн судалгаанаас үзэхэд бэлгийн дааврын дутагдалтай эрчүүд илүү сэтгэлээр унамтгай, гутралтай байдаг гэсэн үр дүн байдаг. Тестостерон дааврын нөхөлт эмчилгээг хоёр сар хийсний дараа сэтгэлээр унах, санаа зовних, өөрийгөө буруутгах мөн нойргүйдэл, хоолны дуршил муудах, бэлгийн сонирхол буурах шинжүүд багассан эерэг үр дүнтэй байжээ.
Тестостерон болон дигидротестостерон нь андрогений хүлээн авагчаар шууд тархинд,эсвэл ферментийн үйлчлэлээр эстрогенд шилжиж   шууд бусаар нөлөөлдөг.
 Тестостерон нь тархины үйл ажиллагаанд танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэл санааны байдал, харж үнэлэлт дүгнэлт өгөхөд оролцох ба тестостерон орлуулах  эмчилгээ нь оюун ухаааны байдал, зан төлөв, бэлгийн дур хүслийг дээшлүүлнэ. Залуу хүмүүст хэвийн болон хэвийнээс бага тестостероны түвшин нь бэлгийн дур хүсэл, мөрөөдөлд хангалттай байдаг бол нас ахих үед энэ түвшинд бэлгийн дур хүсэл хэвийн байж чадахгүй болдог.
Тестостерон орлуулах эмчилгээний дараа зан ааш зөөлрөх, өөрийгөө хүндлэх хүндлэл нэмэгдэж мөн дименция –с сэргийлэх, ярианы ой тогтоолтыг сайжруулах нөлөө үзүүлнэ.


Тестостерон  ба таргалалт, бодисын солилцооны
хамшинж, чихрийн шижин
Таргалалт, бодисын солилцооны хамшинж, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй эрчүүдийн олонхид тестостероны түвшин бага байдаг. Эдгээр гурван эмгэг байдал нь бие биесээ нөхцөлдүүлж байдаг өөрчлөлтүүд юм.
Дотоод эрхтнүүдийн өөхлөлтийн үед бодисын солилцоо идэвхиждэг. Дотор эрхтний өөхний хэмжээ нь инсулины тэсвэрт байдлын зэрэгтэй шууд хамааралтай.  Инсулинд тэсвэртэй байдал нь цусанд сахар ихсэх, өөх тосны зохистой харьцаа алдагдах, даралт ихсэх, судасны эндотелийн үйл ажиллагааны өөрчлөлт, цусанд бүлэн үүсэхийн ба үрэвслийн өмнөх байдалд хүргэнэ. Эдгээр эмгэг байдлуудаас атеросклероз үүсэн зүрх судасны эмгэг үүсч эрэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан болсоор байна.
Чихрийн шижингийн 2-р хэлбэр нь инсулины мэдрэг чанарын зохицуулга алдагдахтай холбоотой. Андроген даавар нь инсулины мэдрэг чанарын зохицуулгад оролцдог болохыг судалгаагаар баталжээ.
Мөн судас хатуурах, дотор эрхтнүүд өөхлөх, артерийн даралт ихсэх, инсулинд тэсвэртэй чанар зэрэг байдлууд нь тестостерон орлуулах эмчилгээний дараа  буурч түүнчлэн хэвлийн тойрог 2-4см хүртэл буурсан үзүүлэлтүүд судалгаагаар нотлогджээ.
•    Таргалалтын үед тестостерон ба эстрадиолын харьцаа алдагдаж тестостероны түвшин цусанд буурахад ароматжих идэвх ихсэнэ.
•     Бодисын солицооны хам шинжийг тодорхойлогч гол үзүүлэлт болох хэвлийгээр таргалах нь дотор эрхтнүүд өөхөлснийг илтгэх үзүүлэлт бөгөөд глюкозод тэсвэрлэх чадвар, даралт ихсэх, триглицерид цусанд ихсэх, өндөр нягтралтай липопротейн болох холестролийн түвшин өндөр байдаг.
•    Чихрийн шижинтэй хүмүүсийн 1/3–д чөлөөт тестостероны түвшин хэвийнээс доогуур байдаг.
Чөлөөт эсвэл биохүртэмжит тестостероны түвшин бага байх нь бодисын солилцооны хам шинж, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр хожим өвдөх халгаат хүчин зүйл болохыг олон судалгаагаар тогтоосон байна.
Чихрийн шижингээр өвдсөн хүмүүсийн 70% нь хөвчрөлтийн үйл ажиллагааны өөрчлөлт тохиолддог ба энэ нь судасны ханын эмгэгшил, нейропатия, эмүүдийн нөлөө гэх зэрэг хавсарсан олон хүчин зүйлсүүдтэй ч холбоотой.
  

   Тестостерон ба зүрх судасны эмгэг
Тестостерон нь судасны, бодисын солилцооны, дархлалын, анаболик үйлчилгээтэй даавар билээ.
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2-3 дахин их зүрх судасны эмгэгээр өвчилж, эрчүүдийн нас баралтын шалтгааныг тэргүүлсээр байгаа нь дэлхийн олон оронд төдийгүй Монгол улсад ч ижил байна.
•    Зүрх судасны эмгэгт хүргэх олон халгаат хүчин зүйлсүүд эрэгтэйчүүдэд илүү өндөр давтөмжтай байдаг ч нөлөөлдөг байж болох ба харин эмэгтэйчүүдийн эстроген даавар нь   атеросклерозын эсрэг нөлөөтэй.
•    Анаболик даавар хэрэглэгчдийн дунд зүрх судасны эмгэгээр өвчлөгсдийн тоо цөөн байдаг нь анаболик стеройдууд ароматжааагүй байдагтай холбоотой.
•    Цус бүлэгнэлтийн зарим факторууд фибриноген, плазминоген- идэвхжүүлэгчийг хориглогч -1 (PAI-1), эдийн плазминоген идэвхжүүлэгч (tPA) нь тестостероны түвшинтэй хамааралтай. 

Тестостерон ба цус багадалт
Андроген даавар нь улаан эсийн үүсэлтийг ихэсгэдэг. Тиймээс тестостерон  багассан үед  хөнгөн хэлбэрийн цус багадалт илрэнэ. Тестотероны нөхөлт эмчилгээний үр дүнд улаан эсийн эзэлхүүн ихсэж, цусны хүчилтөрөгчийн хангамж нэмэгддэг. 
•    Захын цусанд гемотокрит бага зэрэг өндөрсөх, улаан эсийн эзэлхүүн ихэснэ.
•    Эритропоэтины ялгаралт, улаан эсийн эгнээний үүдэл эсийн ялгаран хөгжилтөд андроген даавар оролцдог. 
Гэхдээ андроген дааврын нөхөлтийн үед тестостероны түвшин физиологийн түвшингээс хэтэрвэл цусанд эсүүдийн тоо ихсэн (полицитемия), гематокрит өндөрсөх нь тархины цусан хангамжийн дутагдал (ишемия)  үүсэх эрсдэлт хүчин зүйл болно.